• Sainscore Newsletter
  • Posts
  • Мэдээ нийлүүлэлтийн шинэ тогтолцооны давуу тал

Мэдээ нийлүүлэлтийн шинэ тогтолцооны давуу тал

👋 Сайн байна уу?

Өнөөдрийн дугаараар бид та бүхэнд зээлийн мэдээллийг нийлүүлэх шинэ протоколын талаар танилцуулахаар бэлдлээ.

Зээлийн мэдээллийн тухай хуулийн дагуу 2021 оны 10-р сард зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Титан Си Ар Эй ЗМС ХХК (Sainscore) болон Бүрэнскор ЗМС ХХК нар гардан авсан билээ. Тусгай зөвшөөрөлтэй зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор зээлийн мэдээллийг цуглуулах, хадгалах, хамгаалах, үйлчилгээ үзүүлэх шинэ тогтолцоог нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага цаашид үүсээд байна. Одоогийн байдлаар Монголбанк зээлийн мэдээллийг цуглуулдаг ба ингэхдээ “Зээлийн мэдээллийн санд өгөгдөл нийлүүлэх” XML протоколыг ашиглаж байна.

Тус протокол нь 410 гаруй төрлийн зээлдүүлэгч, зээлдэгч, зээлийн мэдээллийг цуглуулах боломжтойгоор зохиогдсон. Харин ихэнх мэдээллийг зээлдүүлэгч байгууллагад заавал нийлүүлэх шаардлагагүй, зарим мэдээллийг цуглуулахад хүндрэлтэй байдаг. Уг шалтгааны улмаас зээлийн мэдээллийн сан дах мэдээлэл нь зээлийн эрсдэлийн шинжилгээг цахимжуулах, хиймэл оюун машин сургалт хийж төрөл бүрийн загвар хөгжүүлэх, зохицуулагч байгууллага дүн шинжилгээ, хяналт хийхэд хангалтгүй байгаа юм.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 03-р сарын 15 өдрийн А-31 тушаалаар “Зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэх протокол”-ийг баталсан ба тус шинэ мэдээ нийлүүлэлтийн протокол нь JSON объектуудыг дамжуулах, хүлээн авахад зориулагджээ.

Шинэ протоколын давуу талууд:

  • Зээлийн мэдээллийг бодит цагийн горимд нийлүүлэхэд хялбар болох

  • Мэдээ нийлүүлэлтийн ачаалал жигд хуваарилагдах

  • Давхар олон тооны финтек зээл авахаас урьдчилан сэргийлэх

  • Зээлийн мэдээлэл нийлүүлэх хугацаа буурах

  • Зээлийн мэдээллийг шуурхай нийлүүлснээр банк, санхүүгийн байгууллагуудын ачаалал буурах, зээлдэгч иргэний мэдээлэл шуурхай шинэчлэгдэх

  • Зөвхөн шинэчлэл хийх шаардлагатай талбарыг илгээх

  • Зээлийн дансны зөвхөн шаардлагатай талбарт өөрчлөлт оруулах мэдээллийг илгээх учир мэдээ нийлүүлэлтийн үйл ажиллагаа хялбар, шуурхай явагдах

Мөн зээлийн мэдээ нийлүүлэлтийн шинэ протоколын хувьд тухайлбал зээлийн шугам дах зээлийн мэдээллийг цуглуулах боломжгүй байсан бол шинэ протоколын хүрээнд зээлийн шугамын төрөл, шугамын төлөв, зээлийн төлбөрийн график зэрэг мэдээллүүд болон зээлийн төрөл, зээлийн зориулалт зэрэг мэдээллийн нэр төрөл нэмэгджээ. Улмаар зээлийн мэдээлэл улам тодорхой болж, зээлийн төрөл, төлөлт, хүү, зээл олгогч байгууллага, зээлдэгч иргэн аж ахуйн нэгжийн мэдээлэл нэмэгдэх юм.

Технологийн шинэ боломжийн хувьд зээлийн олголт, орлого, өр барагдуулах, зээлийн эрсдэл тооцох, санхүүгийн луйвраас хамгаалах загвар хөгжүүлэхэд улам бүр хялбар болох юм. Зээлдэгч иргэн өөрийн санхүүгийн талаар илүү их мэдээлэлтэй болохоос гадна зээлдэгч иргэн өөрийн авсан зээлийн төрөл, хүү, төлбөр хийх нөхцөл, зээлийн гэрээний нөхцөлийн талаар мэдээлэлтэй болж санхүүгээ удирдах боломж бүрдэх давуу талтай байна.

Зээлийн мэдээллийн үйлчилгээний шинэ эринд Та бидэнтэй нэгдээрэй.

Монголчуудын уламжлалт цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны Модон могой жилийн шинийн 2-ны өдөр ирэх гуравдугаар сарын 1-нд тохиож байна.

Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч

Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж

Учран золгох хүн бүртээ сэтгэлийн сайхан үгийг бэлэглэж

Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй. Бүх харилцагч нартаа сар шинийн мэнд дэвшүүлэе.

🔗Үйлчилгээ авах сувгууд:

Та зээлийн мэдээлэл нийлүүлэх, шинэ протоколыг ашиглах талаар Сайнскорын 75090000 утас, zms.sainscore.mn вебийн иргэн/хуулийн этгээд сонголтоор нэвтэрч үйлчилгээ авах. Мөн Sainscore аппликэйшнийг татан хүссэн газраасаа манай үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Өдрийг сайхан өнгөрүүлээрэй 😊

Reply

or to participate.